avatar

ЭТҮГЭН СУРГУУЛЬ МИНЬ (ШҮЛЭГ)

2015-03-22, 18:49
Этүгэн их сургуулийн 2011 оны төгсөгч М.Цэрэнтогтохын уран бүтээлээс хүргэж байна.
ЭТҮГЭН СУРГУУЛЬ МИНЬ
Өглөөн мандах нарандаа сүүгээ өргөн зогсохдоо
Үрийн минь заяа тэгшхэн байг гэж сэтгэлдээ сүслэн залбирдаг
Өнгөт энэ орчлонд намайг тээж төрүүлсэн
Үлэмжийн ачлалт ижийн минь хайранд Этүгэн сургууль минь бий...
Дөмөн хүлгийнхээ хатираанд уртын дуугаа аялаад
Дэлгэр сайхан нутагтаа сэтгэл тэнүүн амьдарсан
Дэндүү уужимхан ухаанаар амьдралд намайг хөтөлсөн
Дөлгөөн аавын минь бодолд ч Этүгэн сургууль минь бий...
Оюуны далай эрдмээсээ дээжлэн түгээж
Оргилуун хүсэлт шавь нарынхаа эрдмийн цэцгийг услан
Уран мандалт хүрээлэнг өртөөлөн дэлгэрүүлсэн
Ухааант багшийн минь сургаальд ч Этүгэн сургууль минь бий...
Эх орныхоо хөгжлийг итгэл төгс түүчээлэх
Энхийн ариухан давалгааг сэтгэл өөдрөг сэлүүрдэх
Энэрлийн дулаан гараараа бүхнийг асран тэтгэх
Эрдэм гийсэн залуусын тэмүүлэлд ч Этүгэн сургууль минь бий...
Сурагчийн дүрэмт хувцасаараа жигдрэн гоёод
Сэтгэл шигээ нандин зургийн дэвтэрээ дэлгээд
Суу билигт ирээдүйгээ мишээл дүүрэн дүрсэлсэн
Сэргэлэн багачуудын минь мөрөөдөлд ч Этүгэн сургууль минь бий...
Цэцгийн алаг мандал нь солонгорон найгаад
Цэн тогоруун сүрэг нь дуулан наадсан
Цэлмэг тэнгэр шигээ цээлхэн нутгийн минь саруул талын
Цэнгэг салхины эгшигэнд Этүгэн сургууль минь бий...
Уран долгио мяралзан ургах нарандаа мөнгөрөөд
Уудам нутгаа чимэглэн бодол тэгшилж мяралзсан
Уярал баясал бүхнийг сэтгэлийн гүнд үерлүүлсэн
Урсгал голын минь бидэрд Этүгэн сургууль минь бий...
Цагаан халад нь дэрвэн хунгийн сүрэг шиг ижилсээд
Цайлган сэтгэл нь дэлгэрэн инээмсэглэл тодрон гэрэлтсэн
Цаглашгүй нандин хөдөлмөр нь сүүн зам татуулсан
Цоглог оюутнуудын минь бахархалд Этүгэн сургууль минь бий...
Хайрын харцаар ижилсээд амьдрал холбох залуусын
Халуун сэтгэлийн учралд Этүгэн сургууль минь бий...
Хорвоод дуугаа өргөн эхээс мэндэлсэн үрсийн
Хонгор сэвлэгний үнэрт Этүгэн сургууль минь бий...
Гэрэлт наран шиг манддаг сэтгэлд дотнохон дурсамжинд минь
Гэгэлгэн дуу шиг уянгалдаг аялгуу тансаг мэдрэмжинд минь
Гэнэхэн хонгор сэтгэлийн минь нандин бүхнийг холбож
Гэгээн саран шиг гийсээр Этүгэн сургууль минь оршдог юм
Үрийнхээ төлөө залбирсан ээжийн минь хайранд
Этүгэн сургууль минь эрхэлж байна
Үнэнч сургаалиа хайрласан аавын минь бодолд
Этүгэн сургууль минь оршиж байна
Эрч хүчээр дүүрэн залуусын тэмүүллээр
Этүгэн сургууль минь жигүүрлэж байна
Энхрий хөөрхөн үрсийн гэгээн мөрөөдөлд
Этүгэн сургууль минь цэцэглэж байна
Сэтгэл сэргээсэн нутгаараа аялахад
Этүгэн сургууль маань бодогдож байна
Сэвлэг зөөлөн үрийн минь хацраас
Этүгэн сургууль минь үнэртэж байна
Эрдэмт багш нарын минь ариун сургаалиас
Этүгэн сургууль минь ургаж байна
Энэ л миний нандин бүхэнд
Этүгэн сургууль минь гэрэлтэж байна....

М.Цэрэнтогтох

2012-11-29

бичсэн: itgel_01 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar