avatar

Цагаахан сэтгэлт сувилагч таныгаа магтан дууллаа /сонсох/

2010-07-25, 11:58

Монголын бүх сувилагч нартаа зориулж дуу бүтээлээ. Уг дууны шүлгийг Этүгэн дээд сургуулийн сувилахуйн 303-р ангийн оюутан "Итгэл" клубын тэргүүн М.Цэрэнтогтох бичиж, хөгжмийн зохиолч П.Буянжаргал аяыг зохиож, дуучин П.Мөнхтогоо дуулсан  байна. Эрүүл энхийн торгон манаанд цаг наргүй хүчин зүтгэж, үйлчлүүлэгчийн зовиур шаналалыг арилгахын төлөө авъяас чадвар, зүрх сэтгэлээ зориулсан сувилагч таныхаа гэгээн үйлсийг магтахгүй байх аргагүй билээ. Сувилахуйн ангийнхаа бүх оюутнуудад ирээдүйд эзэмших мэргэжилд нь амжилт бүтээл сайн сайхныг хүсч байна.


Ая. П.Буянжаргал

Үг. М.Цэрэнтогтох 

Дуучин. П.Мөнхтогоо

 

Үйлс гэгээн сувилагч

Амрах нойроо үл ойшоож

Аюулт өвчнийг сөрөн зогссон

Авралын бурхан сувилагч таны

Ачит үйлс гэгээн алдартай

     Дахилт:
          Ариухан сэтгэлд сүүн цацалтай

          Ачлан хайрлах нь дэлхийн энтэй

          Асран тэтгэх нь ээжийн бүүвэйтэй

          Ай даа таны алдар сувилагчаа

Эрүүл энхийн торгон манаанд 

Эгэлгүй сэтгэлээр тангараг өргөсөн

Энэрлийн дээд сувилагч таны

Эрхэм үйлс жаргалын дуутай

    Дахилт:

Нөмрөг шигээ цагаахан сэтгэлтэй 

Инээмсэглэл нь эдгэрлийн увьдастай

Жаргалыг бэлэглэгч сувилагчийн үйлс

Жаран жаранд дуурсах ерөөлтэй

   Дахилт:

Өрөөлийн зовиурыг арилгах ерөөлтэй

Өр зүрхээрээ хамтдаа шаналсан

Өгөөмөр сэтгэлт сувилагч таны 

Өнийн харгуй дардан байг ээ

    Дахилт:

  


             

avatar

Багш нар болон оюутнууддаа хүндэтгэл үзүүллээ

2010-05-13, 18:46
Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Этүгэн дээд сургуулийн сувилахуйн "Итгэл" клубын зүгээс 2010 оны 5-р сарын 12-нд сургуулийнхаа нийт багш оюутнууддаа хүндэтгэл үзүүлж мэндчиллээ.