avatar

ОЮУТАН НАС БОЛ ЖИНХЭНЭ БОЛОМЖ, БАС ХАРИУЦЛАГА

2009-12-31, 10:58

Амьдрал бол агуу үйл хэргийн төлөөх адал явдалт аялал юм. Энэ аялал амар хялбар байхгүй ч, хүн түүнийг өнгөрсөн цагийн таатай сайхан дурсамжууд,  ирээдүйн тухай хэзээ ч  үл дуусах хүсэл тэмүүллээр туулдаг билээ. Хүний амьдралд үл мартагдах олон дурсамж байх бөгөөд үүнээс оюутан цаг хамгийн гэгээн нь байдаг.

 

Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь оюун ухаан гэдэг. Харин оюун ухааныг гайхамшиг болгодог мөнхийн түлхүүр нь эрхэм суртахуун, эрдэм боловсролд орших учир үүний төлөө л олон залуу тэмүүлж, оюутны ширээгээр дамждаг  нь үнэн.

 

Ямартаа ч энэ мөчөөс эхлэн Та оюутан хэмээх алдрыг шинэ боломж, эрх чөлөө, хариуцлагынх хамтаар нь хүлээх боллоо. Эрхэм танд хэрэг болж магад хэмээн энэхүү бяцхан зөвөлгөөг хүргэж байна.

 

ОЮУТНЫ БАЙГУУЛЛАГА БА НИЙГМИЙН ИДЭВХ

 

Оюутан хүнд хүчээ сорих олон нээлттэй боломж бий.  Үе тэнгийн олон залуустай эрдмийн ширээнд мөр зэрэгцэн суухдаа ангийн дарга байтугай оюутны холбооны даргад ч хүчээ сорих нь буруу юу байхав. Харин та хичээл номоо хаялгүй хослуулж чадаж л байвал тун зүгээр!.

 

Олон нийтийн ажилд л анхаараад, сурах зорилгоо орхигдуулбалаас дулихан мэдлэг, сулхан чадвар тань таныг олны доог тохуу, онигооны эзэн л болгох тул үүний оронд хичээлээ хийгээд мөрөөрөө явсан нь өлзийтэй.

 

Бүгдийг л хослуулдаг нэгэн гээд хэт олон зүйлд хүчээ соривоос “олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог” шиг аль ч үгүй үлдэж мэднэ.  Бүхнийг  чаддаг дүр эсгэж явснаас чадахгүйгээ шуудхан хүлээн зөвшөөрдөг зуршил оюутан хүнд хамгаас чухал.

 

Хэдий хэцүү ч чадахгүйдээ суралцаж, чаддаг зүйлээ улам хөгжүүлэх нь Оюутан таны бас нэгэн хариуцлага юм.

 

Хүн юу гэж хэлэх нь чухал бус ч өөрийн дотоод итгэл үнэмшил, алсын хараагаар зоригтой алхам хийж сурвал бусдаас будаа идэж сууснаас хавьгүй дээр.  Нийгмийн идэвхитэй байж,  үе тэнгийн залууст үлгэр жишээ байсан хүн хожим хойно их хэргийг эхлүүлдэг тул “хэнээтэй” нэгэн явах ч бас зүгээр шүү.

 

Өчигдрийн зөв шийдвэр өнөөдрийг, өнөөдрийн шийдвэр маргаашийг тодорхойлох учир  өнөөдөр хийсэн алхам бүрт ирээдүйн амьдралын үнэ цэнэ оршин байдаг. Бусдын төлөө итгэл зүтгэл, хариу үл нэхсэн тус дэм чиний жинхэнэ мөн чанарыг бүрдүүлж, чамайг жинхэнэ хүн болгодог. Хүн хүндээ халуун сэтгэлээр туслах хүний үүрэг тэр дундаа залуу хүн бүрийн үүрэг билээ.

 

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТУУДААС АЛЬ НЬ ВЭ?

Шинэ зуунд суралцах чадварт суралцаагүй хүнийг боловсролгүй хүн гэнэ.

Ксерокс корпорацийн удирдах ажилтан Давид Кеарнс

 

Суралцах бол бүх хүний асуудал. Ялангуяа оюутан хүний эрхэм зорилго, гол үүрэг хариуцлага.   

Таныг их сургуулийн хаалгаар орсон эхний өдрөөс л “манайх хамгийн шилдэг нь” гэсэн сургалтын төвүүдийн төрөл бүрийн зарлалууд угтах болно. Аргогийн, Даваахүүгийн, Ганбаатарын  гээд л 14 хоногт л англиар инээлгэж, ханиалгаж сургадаг энэ сургалтын төвүүдийн аль нь вэ?

Аль нь ч чухал мэт  санагдаж болно, та өөртөө хэрэгтэйг нь, тэр дундаа суралцах арга барилд сургах тийм сургалтанд суувал бие даагаад бусдыг нь сурчих боломжтойг анхаарах хэрэгтэй.

 

Сургалт хүнийг төлөвшлүүлдөг болохоор та ямартаа ч чөлөө заваараа хэрэгцээтэй сургалтад хамрагдаж, өөрийн чадварыг хөгжүүлэх нь зөв. Энэ нь дэлхийн ихэнхи оронд тэр тусмаа хөгжилтэй орнуудын оюутнуудын дунд байдаг л зүйл.  

 

Та хаана, хэзээ ч суралцсан зорилготой байх нь чухал. Бүгдийг нь таниж мэдэх бидний зорилго огтхон ч биш, харин өөрт хэрэгтэйгээ танин мэдэхийн тулд, хэрэглэж ашиглахын тулд, хамтдаа нийгэмшин, амьдрахын тулд суралцах бас хөгжих хэрэгтэй. Өөрчлөлтөөс өрсөж, өөрчлөгдөхийн тулд суралцах үйл явц хэзээ ч зогсох учиргүй.

 

НОМЫН САНГААР ГЭРЭЭ ХИЙХ НЬ

Сурахын төлөө яваа хүнд сайн ном, багш хоёр хэрэгтэй.

 

Номын сан чөлөөт цагаа өнгөрүүлж, бусадтай буу халж, хөгжин цэнгэлдэж, хөзөр тоглодог газар биш. Номын сан эрдэм номд шамдан сурч буй хэний ч болов  хоёрдох гэр, оюуны их өргөө байх учиртай. Боловсрол, мэдлэгтэй байхын тулд уншиж, судлах зүйл их байдаг ч, таалагдсан бүгдийг уншаад байх зав боломж, цаг хугацаа бидэнд байхгүй.  

 

Иймээс унших зүйлээ зөв сонго. Бид номыг зүгээр нэг хүнд таалагдах гэж, хэн нэгэн багшид онц  дүн авахын тулд бус харин бүтээлчээр идэвхитэй унших хэрэгтэй.

 

Сайн ном олж унших нь амин дэм бүхий хоол хүнс биеийг эрүүлжүүлдгийн адил хүний оюун санааг эрүүлжүүлдэг. Архи тамхи гэх мэт хорт бодисыг хэрэглэхэд бие хорддогтой адил муу ном уншвал бидний тархи хорддог. Номноос бид хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь орхиж болно. Тэглээ гээд ном таньд гомддоггүй гэсэн үг байдаг.

 

Ном бол ертөнцийг харах цонх. Хүний эрхэмлэн уншиж буй номоор нь, түүний үзэл бодол, итгэл үнэмшил, мэдлэг боловсрол, амьдралын философийг нь харж болно гэж би хувьдаа үздэг. Тиймээс ном хүнийг харах цонх мөн.

Уужуу сэтгэл, ухаарал хайрласан, сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан, дахин дахин уншигддаг номыг унш. Тиймээс сайн сонголт хийхийн тулд эхлээд өөрийн зорилготой нийцэж байгаа эсэхийг, хэдэн удаа хэвлэгдснийг нь, хаана хэдэн онд, хэн бичснийг харчихад зүгээр. Интернэтээр бол одыг нь харах хэрэгтэй. Таван одтой бол бүр сайн.

 

ОЮУТНЫ БАЙР БА ОРОЙН ХООЛ

 

Оюутан байхдаа дотуур байранд нэг амьдраад үзчихвэл бас зүгээр. Хөдөөнөөс ирсэн ихэнхи оюутан угаасаа л байранд ордог ч эртхэн ирэхгүй бол бөөн асуудалтай тулгарна.

 

 Дотуур байрны оюутан олны дунд биеэ даан амьдрах, зөв авч явах шинэ дадалд суралцаж, өөрийн хэн вэ? гэдгээ мэдэрч эхэлдэг. Ядаж л өөрөө хоол ундаа хийж, асуудал тулгарвал толгой мэдэн шийдээд дадчихна.

 

Амар хялбар зүйл гэж энэ хорвоод байхгүй. Оюутан хүнд хүнс хоолоор тасарч, өлсөж цангах асуудал олонтаа л тулгарна. Зарим нэгнийх нь үнэрлэх чадвар нь түлхүү хөгжиж, оройн хоол эргүүлж, одтой хиймортой хэмээгдэж байснаа, ховдог идэмхий хоч зүүх нь хөгжилтэй гэмээр хэцүүхэн ч гэмээр дурсамж болон үлддэг.  

 

ГЭРЭЭ МАРТСАН ГЭСЭР БА ЧӨЛӨӨТ ЦАГ

 

Завгүй атлаа хамгийн завтай мэт алхадаг хүмүүс бол оюутнууд. Тэд завгүй байсан ч өөрсддөө зав гаргаж хамт олноороо наргиж цэнгэхийг үзүүлж өгдөг гэвэл хилсдэхгүй болов уу?

 

Залуу насыг өөдрөг мөрөөдөл, хүсэл тэмүүлэлээс ангид ойлгоход бэрх. Хааяа нэг хошин шогийн хөтөлбөр, жүжиг ший, кино үзэнгээ амьдралын хар цагааныг харж, асуудлыг дотроо тунгаан харьцуулж суувал тун сайн. Чөлөөт цагаа аль болох өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, спортоор хичээллэн, олон нийтийн ажилд идвэхитэй оролцох нь ядахдаа л танилын хүрээг нэмнэ.

 

Амралтын сайхан өдрүүдэд анги хамт олноороо чөлөөт цагаа өнгөрүүлэх нь буруу бишээ. Цагийг сайхан өнгөрүүлж байна гээд баасан гариг бүрийг баярын өдөр болгочихвоо.  Баараар л баян Монголд архи пиво эргүүлэх газар элбэг учир залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар алга хэмээн төр засгаа буруутгаж өөрсдийгөө зөвтгөх нь энүүхэнд. Уг нь архи дарс мэтийн ажлын садаа, амьдралын дайснаас хол явсан нь дээр. Төрсөн өдөр, тэмдэглэлд үйл явдал мундахгүй оюутан цагт уухгүй гээд байх нь хэцүү байгаа бол, тохируулж хэрэглээд сурчихвал тун зүгээр. Ингэж бичихээр тохируулж байна гээд хэтрүүлчихвээ найз нар минь! Ямарч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг шүү.

 

Улирлын шалгалт шүүлгээ өгчихөөд онц авсан нь баяраа тэмдэглэх, муухан авсан нь сэтгэлээ засах гэж хөлсөө гартал бүжин хөгжилдөх оюутан насны жинхэнэ  эрх чөлөө гэлтэй. Оройн бүжиг, оргилсон хүсэл, хайр дурлал гээд л оюутан нас сайхан ч, нэг л өдөр сургуулиа төгсөж ажил амьдралын жинхэнэ эзэн байх цаг мөч улам ойртсоор байгааг санах хэрэгтэй. Аавын хайртай хүү, ээжийн элбэрэлт үр байснаа айлын эзэгтэй, гэрийн эзэн болох алтан агшин нэг л өдөр ирж, амьдрал гэж юутай баялаг, хариуцлагатай юм вэ? гэж бодож суух цаг тун ойрхон байнаа.  

 

Тиймээ оюутан насны ийм л эрх чөлөөний ард амьдралын бүх хариуцлага нуугдан байдаг билээ.

 

Амжилт хүсье! Анд  нар минь. Өнөөдрийн залуус маргаашийн манлайлагчид шүү.