avatar

Яруу найргийн шүүдэр

2010-07-14,15:48
Эрхэм уншигчид та бүхэндээ зуны амралтанд тань зориулж Монголын алдарт яруу найрагчдын шүлгүүдээс дээжлэн хүргэж байна.
Та бүхэн бидэнд хандсан санал хүсэлтээ
itgel_0610@yahoo.com гэсэн хаягаар илгээнэ үү.

О.Дашбалбар
Тэнгэр шиг бай

Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!



Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О.Дашбалбар :
 
Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.


Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.

Ш.Гүрбазар:
Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог

Р.Эмүжин :
Эжий минь суугаа нутгийн
Эжий минь суугаа нутгийн
Салхин зүгээс сүү үнэртдэг
Энгэр газрын чулуу нь
Санаа алдахад хөлөрч хонодог
Эрэг ганга, нугачаа бүхэн нь
Эжийн хуучин дээл шиг
Ээнэгшин угтдаг

Хөх тогорууд шиг цуваа толгод
Хаврын хаварт л намайг харуулдан
Нисчихийг дөхдөг
Эрлийн үзүүр шиг нутгийн тэнгэр
Эжийтэй минь хамт
Торойж тосдог.
Буцах цагаар үдүүлэн намайг мордоход
Будант тал, хурдлах морьдын тоос
Холд одогч бивээр яг л энэ хэвээр
Хойтон жилийг хүртэл
Эжийгийнхээ нүдэнд
Мэлмэрч үлддэг.



Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!


Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлан явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийн жаргалтай үедээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг чи мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...
"Моод" хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс илүү
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи

Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!
Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас ус уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!

Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа"гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ


Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг

 

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон


Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 03:36, 2011-03-26 | Холбоос | |



:-)
 
xaax